Хүрээлэн байгаа орчин



Yндэсний статистикийн газрын дарга, Байгаль орчны сайдын (хуучин нэрээр) 2005 оны 138/306 тоот хамтарсан тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2008 оны 01/175 тоот тушаал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-361 тоот тушаалаар байгаль орчны талаархи албан ёсны статистикийн мэдээллийг гаргах тайлангийн маягтыг батлан мөрдүүлж байна. Газрын тухай Монгол Улсын хуулийн дагуу газрын нэгдмэл санг хөдөө аж ахуйн газар; хот, тосгон, бусад суурины газар; зам, шугам, сүлжээний газар; ойн сан бүхий газар; усны сан бүхий газар; тусгай хэрэгцээний газар гэж ангилагддаг. Монгол Улсын ойн сан бүхий газар 14.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 9,1 хувийг эзэлж байна. Цаг уурын олон жилийн дунджийг 1960-1990 oны дундаж үзүүлэлтээс тооцож мэдээллийг гаргав. Тухайн жилд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар жил бүр тогтоодог. Агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн хүлцэх хэмхэмжээг агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийн хүлцэх хэмхэмжээний стандартын дагуу тодорхойлдог байна. Усны тухай Монгол Улсын хуулийн дагуу усны тооллогыг улсын хэмжээнд 4 жил тутамд холбогдох мэргэжлийн байгууллага (Усны газар) явуулж, үр дүнг улсын мэдээллийн санд нэгтгэдэг бөгөөд уг тооллогыг 2003, 2007 болон 2011онд явуулсан байна. Тооллого явуулах үед гол, горхи, булаг, шанд, рашаан, нуур, тойром нь усгүй болсон тохиолдолд ширгэсэнд тооцсон. Онцгой байдлын ерөнхий газар харьяа нэгжүүдээсээ аюулт үзэгдэл, ослын мэдээг авч нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг.