Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүд



Дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүн оролцсон НҮБ-ын Мянганы дээд хэмжээний уулзалтаар 2000 оны 9 дүгээр сард “Мянганы тунхаглал” баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт 2015 он хүртэлх хугацаанд шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг багцлан 8 зорилго, 18 зорилтын 48 шалгуур үзүүлэлттэйгээр дэвшүүлэн баталсан билээ. Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн нийтлэг болон өвөрмөц онцлогийг харгалзан үзэх шаардлагад нийцүүлэн Мянганы хөгжлийн дээрх зорилтуудыг өргөжүүлж, эдүгээ 8 зорилго, 21 зорилт, 60 шалгуур үзүүлэлттэйгээр батлаж, 2008 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас НҮБ-аас дэвшүүлсэн шалгуур үзүүлэлтэд улс орныхоо онцлогийг тусгасан “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” зорилгыг нэмж, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлон Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор анхлан баталсан бөгөөд 2008 оны 1 сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шинэчлэн нийт 9 зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлттэй байхаар шинэчлэн баталсан. Өнөөгийн байдлаар тооцож байгаа 64 үзүүлэлтийн 18-ыг албан ёсны статистикийн мэдээллээс, 46-г захиргааны статистикийн мэдээллээс гаргаж байна. Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдээс i) Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцэд нийцэж буй талаарх шинжээчдийн үнэлгээ, ii) Баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэхэд оролцох иргэдийн ирцийн хувь, iii) Хот, суурингийн нийт хүн амд хаягийн бүртгэлгүй оршин суугчдын эзлэх хувь гэсэн 3 үзүүлэлтийг тооцоогүй байна.