Орон сууц, нийтийн аж ахуй



Ашиглалтад оруулсан орон сууцны мэдээ нь баг, хорооны Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт хүргүүлж, тухайн статистикийн хэлтэс, газраас мэдээллийг нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Орон сууцны фондыг байшингийн сууцны талбайгаар тодорхойлж байгаа бөгөөд энэ тооцоонд Монгол үндэсний гэрийн талбай ордоггүй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газраар дамжуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Нийт талбайд унтлагын, амралтын, зочны, ажлын, гал тогооны, ариун цэврийн өрөө болон сууцны доторх коридор, агуулахын талбайг хамруулна. Сууцны талбай нь унтлагын, амралтын, зочны болон ажлын өрөөний талбайгаар тодорхойлогдоно. Ундны ус түгээх цэг нь хот, суурин газрын гэр хорооллын айлыг усаар хангахад зориулагдсан, усан хангамжийн төвлөрсөн системд холбогдсон болон холбогдоогүй худаг болно. Зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын автомашинаар ус зөөвөрлөн худагт юүлж байвал төвлөрсөн системд холбогдоогүй гэж үздэг. Зөөврийн ус хэрэглэдэг өрхөд ус түгээх цэг, ус тээврийн машин, ердийн хөсөг болон булаг, шандаас ундны усаа хэрэглэж байгаа өрхийг хамруулна.