“БНМАУ-ын статистик” цэсийн өмнөтгөл
Төв Азийн нутагт оршин тогтнож төр улсаа байгуулж байсан улс, аймгуудаас явуулж байсан бүртгэл, тооллого нь манай бүртгэл, статистикийн анхны түүх хэмээн үзэх үндэслэл байгааг дараах баримтуудаас харж болно. Эдгээр улс, аймгуудын 2000 гаруй жилийн өмнө хүн амын бүртгэлд хэрэглэж ирсэн “өрх” гэдэг ойлголт, малаа тоолж байсан “гүйлгэн тоолох” арга, татвар хураамж ногдуулах, цэрэгт дайчлах тоо хэмжээ зэрэг нь олон жил, зарим нь өнөө үед ч хадгалагдан үлдсэн нь нэн сонирхолтой.
“МТӨ 174-163 онд Хүннү гүрэн Лаошань Шаньюгын үед улсын албан татварыг цэгцтэй болгож, хүн амын тооллого хийв”. “Хүннү улс хүн ам, малаа нас дэвшүүлэх тооллогоо есдүгээр сарын нохой өдөр Дайлан (Тайлга тахилга хийх)-д хуралдахдаа цэгцэлдэг байжээ. “Хүннү гүрний хүн ам 1.5-2.0 сая”, МТӨ 72 онд Хүннү гүрний мал нь нэг хүнд 19 толгой ногдоно гэсэн тооцоо байдгаар тооцвол 1.2-1.5 сая хүнтэй гэж үзвэл 22.8-28.5 сая малтай байжээ гэж тэмдэглэжээ.1
Гүег хааны үед 1247 оны өвөл Монголд хүн амын тооллого явуулсан тухай Рашид-ад Дин “Судрын чуулган“ номондоо тэмдэглэжээ.2 1251 онд Мөнх хаан Монголын Их гүрний хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа улс гүрний хэмжээгээр хүн амын бүртгэл, тооллого явуулсныг түүхэнд тэмдэглэжээ.3
Эртний нүүдэлчдийн болон Их Монгол Улс, түүний дараачийн бага хаадын болон Манж Чин улсын үед ч хүн ам, мал, эд хөрөнгийн бүртгэл, тооллогыг байнга хийж ирсэн нь түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Богд хаант Монгол Улсын үеийн бүртгэл статистикийн хамгийн үндэслэл сайтай том арга хэмжээ бол 1918 оны хүн ам, малын тооллого юм. Уг тооллогыг Богд хаант Монгол Улсын тухайн үеийн төрөөс зохион байгуулж, олон аймаг, хошууд өөрсдөө бүртгэн тоолж, ирүүлснийг Дотоод яам хянан шалгаж авсан нь тодорхой байдаг.
1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан нийтэд зориулан бэлтгэсэн цахим цэсийн өгөгдлүүд нь хэрэглэгчид, судлаачид, сэтгүүлчид зэрэг сонирхсон бүх хүмүүст судалгаа шинжилгээний болон бусад зориулалтаар ашиглахад хэрэгцээтэй гэж үзлээ.
Түүхэн цэс нь Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө байсан БНМАУ-ын үеийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн өгөгдлийг агуулж байгаа болно.
Эдгээр өгөгдлүүдийг статистикийн байгууллагаас албан ёсоор өмнө нь хэвлүүлсэн эмхэтгэлүүд, ҮСХ-ны албан ёсны материалуудаас авч бүрдүүлсэн.
Статистикийн алба нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхийг тоогоор бичиж үлдээдэг түүхэн үүргээ гүйцэтгэж, БНМАУ-ын үеийн статистик өгөгдлүүдийг цахим хэлбэрээр мөнхлөн үлдээж байна.


